2011/07/20

All Images has been converted to PDF!

Скайнердаж оруулсан хуудсууд гэх мэт зургийн файлаар байгаа зүйлсийг pdf рүү хөрвүүлэх шаардлага урьд нь нэлээд таарч байлаа. Үүнийг шийдэхийн тулд OpenOffice-оо нээгээд зургуудаа оруулаад хуудсаа дүүртэл нь сунгаад PDF file format руу хөрвүүлэх бодол хамгийн түрүүнд орж ирэв. Гарын арван хуруунд багтах тооны хуудас бол асуудалгүй. Гэтэл хэдэн зуу, хэдэн мянган хуудсыг гараар бэлтгэнэ гэдэг үнэхээр залхуутай ажил.

Залхуугийхаа хүчээр энэ талаар Google-с хайж үзтэл ImageMagick нэртэй гайхалтай програм байдаг юм байна.

$ sudo apt-get install imagemagick

гээд суулгачихна.

$ cd <зургууд байрлаж буй хавтас>

$ convert *.jpg foo.pdf

гэвэл тухайн хавтсанд байгаа бүх jpg өргөтгөлтэй файлуудыг дарааллаар нь foo.pdf болгож нэгтгэн хөрвүүлнэ. Гайхалтай хялбар биш үү?

Зөвхөн байгаа зургуудыг нэгтгэж pdf болгохоос гадна өнгөнүүдийн элдэв тохиргоо, маск, зургийн хэмжээг шахах, элдэв эффэкт өгөх, эргүүлэх гэх мэт зурагтай холбоотой бүхий л боломжууд өгөгдсөн юм байна. Үүнийг нь

$ convert -h

командаар дэлгэрэнгүй хараарай.

2011/07/10

Ubuntu 11.04 a few problems with sound

Ubuntu 11.04 дээр зарим нэг дууны холбогдолтой програмуудын ажиллагаа асуудалтай байв.

Эхлээд Tuxguitar програмыг ажиллуулаад дууг нь тоглуулах гэтэл дуу нь огт гарахгүй байна. Элдэв ALSA драйвер, сан суулгаад нэмэр байдаггүй. Timidity гэгч midi дууны сан бүхий програмыг суулгаад

timidity -EFreverb=0 -iA -Os

командыг өгч ажиллуулж өгч орхиод tuxguitar-аа нээгээд дуу тоглуулж болж байв.
* * *

gtick хэмээх metronome багажыг ажиллуулах гэтэл

Couldn't start metronome.
Please check if specified sound device
and sample file are accessible.

гэсэн алдааны мэдээлэл гарч ирэв. Google-ээс хайж хэдэн хэдэн хэлэлцүүлгийн сэдвүүдийг нээж үзтэл preference дотроос дууныхаа төхөөрөмжийг /dev/dsp /dev/dsp1 гэх мэтээр өөр өөрөөр зааж өгвөл ажиллана гэнэ. Оролдож үзээд үр дүнгүй. /dev хавтасыг сөхөөд үзвэл dsp нэртэй ямар ч дууны төхөөрөмж алга.

Тэгтэл /dev/dsp нь OSS (Open Sound) гэгч зүйлийн хэсэг байсан ч элдэв шалтгааны улмаас линуксын сүүлийн үеийн хувилбаруудад ашиглагдахаа больжээ. Гэхдээ үүнийг padsp хэмээх багажийн тусламжтай ашиглаж болох гэнэ.

padsp gtick

командыг өгтөл ажиллаж байна. Ашгүй гэж.